2012-05-29
бясалгал
Бидний олонхи нь өдрийн ихэнхийг ажил, гэр хоёрын хооронд өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл, өөртөө тун бага цаг зарцуулдаг гэсэн үг.

Ажлын ширээний ард ачаалалтай ажиллах, аль эсвэл ар гэрийн асуудлаас болж өдөржингөө уурлаж, бухимдах нь амар биш гэдгийг мэддэг ч тэр бүхнийг хэрхэн даван туулж, ялан дийлэх тухай бодож байгаагүй. Тиймээс шинэ он, шинэ жил, ажлын тайлан тооцоо гээд албан байгууллага, айл бүрт амьдрал буцалж, асуудал үүсч буй энэ үед алжаал ядаргаагаа хэрхэн тайлах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Танд СЭМҮТ-ийн Сувилахуйн сургалт хариуцсан менежер, Удирдахуйн ухааны магистр Ж.Цэцэгмаа  сэтгэл заслын эмчилгээ буюу бясалгалыг хэрхэн хийх тухай зөвлөж байна.

Бясалгалыг тогтмол хийвэл зорилгодоо хүрнэ

Бясалгал нь бие сэтгэцийг нойрноос илүү амраадаг. Тиймээс ганцхан цаг бясалгал үйлдэх нь 70 жил шүтэн мөргөснөөс дээр үйлчлэл үзүүлдэг гэлцдэг.

Сэтгэц засал эмчилгээ болох бясалгалыг хийж сурснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүрхний зарим өвчнийг эмчилнэ. Мөн цусны даралт ихсэх, янз бүрийн донтолт /тухайлбал архи, тамхи, бусад мансууруулах бодис, мөрийтэй тоглоомд донтох/, сэтгэл гутрал, стресстэй холбоотой үүссэн гуурсан хоолойн багтраа, нойрны хямрал зэрэг өвчнийг эмчлэхээс гадна стресс тайлж бие сэтгэцийн тэнцвэрийг хадгалдаг чухал ач холбогдолтой.

Иймд бясалгалыг өдөр бүр богино хугацаагаар үйлдэх нь урт хугацаагаар дасгал сургуулилалт хийснээс илүү үр дүнтэй байдаг аж.

Хэрэв та бясалгалыг өдөр бүр хийх боломжгүй бол долоо хоногт 3-5 удаа хийгээд үзээрэй. Нэг удаагийн үргэлжлэх хугацаа 15-45 минут байвал тохиромжтой. Бясалгал хийх нь тайвшрах үе, ид үе, төгсгөлийн үе гэсэн гурван үе шаттай. Эхлээд бясалгалын төрөл буюу бясалгалын суудлаар сууна. Суудлаа эзлээд нүдээ анина. Нүдээ аних нь гэрэл мэтийн гадаад цочролуудыг хүлээж авахгүй байх боломжийг олгоно.

Хамгийн эхэнд тайвшрах, стресс тайлах дасгал хийгээрэй

Энэ үед арваас нэг хүртэл тоолох дасгал хийж болно. Тайвшрал үүсгэх өөр дасгал ч байж болно. Тайвшрал бол бясалгал үйлдэх сэтгэлзүйн үндэс суурь юм. Тиймээс тайвшруулах үгнүүдийг хэлж түүнд оюун санаагаа төвлөрүүлдэг.

Сэтгэл тайвшрахын хэрээр бясалгал улам гүнзгийрч, ухаан улам хурц болж, ямар нэг юмны учрыг тунгаан бодох чадвар улам нэмэгдэнэ. Ийнхүү биеийн бүх булчинг сулруулж сэтгэл тайвшруулах үйлдэл үзүүлдэг ямар нэг дасгалыг 5-10 минут хийсний дараа бясалгалын ид үе рүү шилжиж бясалгал үйлдэнэ. Бясалгалын ид үе тодорхой зорилготой бясалгал үйлдэнэ. Тухайлбал, стрессын гаралтай зүрхний өвчнөөс сэргийлэх зорилгоор бясалгал үйлдэх төлөвлөгөөтэй байгаа бол "Би тайван байна. Миний зүрх жигд тайван цохилж байна" гэсэн бодол санаан дээр оюун санаагаа төвлөрүүлнэ. Энэ үг хэллэгүүдийг сэтгэл дотроо хэд хэдэн удаа давтан хэлнэ. Сэтгэлийн шалтгаант гуурсан xooлойн багтраанаас сэргийлэх бясалгал үйлдэхээр төлөвлөсөн бол "Би тайван байна. Би жигд гүнзгий амьсгалж байна" гэсэн бодол санаан дээр оюун санаагаа төвлөрүүлэх жишээтэй. Энэ хэллэгүүдийг сэтгэл дотроо хэд хэдэн удаа давтан хэлнэ. Энэ мэтчилэн бясалгагч оюун санаагаа ямар үг хэллэг буюу бодол санаан дээр төвлөрүүлэх нь түүний зорилгоос хамаарна.

Өглөө, орой бүр оюун ухаанаа төвлөрүүл

Өглөөний бясалгал: Бясалгалын суудалд сууж, нүдээ аниад бие сэтгэлээ тайвшруулах ямар нэг дасгал хийж булчингаа сулруулж тайвшир. Оюун санаагаа төвлөрүүлэн энэ өдөр хийх ажлын төлөвлөгөө болон үйл хэргээ бүтэмжтэй байгаагаар, бие, сэтгэлээ эрүүл саруул, илааршиж байгаагаар, төвлөрүүлэн тунгаан бодно.

Оройн бясалгал: Мөн адилхан. Бясалгалын төрөл буюу бясалгалын суудалд сууж, нүдээ аниад бие сэтгэлээ тайвшруулах ямар нэг дасгал хийж булчингаа сулруулна. Үүний дараа өдөр хийсэн зүйлээ шүүн тунгааж, алдсан оносноо эргэцүүлэн бод. Мөн маргаашийн ажлаа төлөвлөн бие, сэтгэлээ эрүүл саруул, илааршиж байгаагаар, бясалгаж бодно. Үүний дараа бие сэтгэл улам тайван болж, бясалгал үр дүнтэй болно.

Б.Энхтуул
Бичсэн: haltantuya | цаг: 11:40 | ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax